"Мөнгө"

Та тэгэхээр мөнгийг бүх зовлонгийн үндэс гэж үздэг хүн юм биз дээ? Харин мөнгөний үндэс нь юу вэ гэдгийг та хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Мөнгө гэдэг бол ердөө л солилцооны хэрэгсэл юм шүү дээ. Мөнгө бол үйлдвэрлэл хийгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг хүн хоёроос ангид оршиж чадахгүй. Бие биетэйгээ харилцахыг хүссэн хүмүүс бие биедээ ямар нэгэн үнэт зүйлсийг өгч, солилцооны харилцаанд ордог юм. Харин та нарын хөдөлмөрийн хөлсийг хар нулимса а унаган байж гуйж авдаг залхуучууд хийгээд ядуусын ч юм уу, аль эсвэл хөдөлмөрийг маань хүчээр булаан авдаг дээрэмчдийн гарт очихоороо мөнгө утга учраа алдаж, солилцооны хэрэгсэл байхаа болино. Мөнгө гэдэг бол юм хийж чаддаг хүмүүсийн хүчээр утга учиртай болдог юм. Харин та нарынхаар бол мөнгө бүх зовлонгийн үндэс болж таарах нь ээ?


Та нар мөнгийг хөдөлмөрийн хөлс болгон авахдаа өөр нэг хүмүүсийн хөдөлмөрийн үр шимээр солилцоно гэсэн нөхцөлтэй авдаг. Мөнгийг ядуучууд ч юм уу, дээрэмчид үнэ цэнэтэй болгодоггүй юм. Далай мэт их нулимс хийгээд энэ дэлхийд буй бүхий зэр зэвсэг та нарын түрийвчинд байгаа хуудас цаасыг талх болгон хувиргаж өгч чадахгүй. Гэхдээ нэгэн цагт алтаар үнэлэгдэж байсан тэр хуудас цаас бол итгэл найдварын билэг тэмдэг, ямарваа нэг юмыг бүтээж чадах хүмүүсийн амьдралын хагасыг эзэрхийлэх эрхийн билэг тэмдэг юм. Таны түрийвч бол ёс суртахууны ийм зарчмыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс  энэ дэлхий дээр байдаг юм шүү гэдгийн нотолгоо юм шүү дээ. Яагаад гэвэл мөнгөний үндэс нь түрийвч болж таарна. Та нарынхаар бол энэ чинь тэгээд зовлонгийн шалтгаан болж таарах нь ээ?

Харин сайн сайхны үндэс нь юу вэ гэдгийг хэзээ нэгэн цагт эргэцүүлж байв уу? Цахилгаан станцуудыг оюуны сэтгэхүйгүй хүмүүс л гарынхаа булчингийн босгочихсон юм гээд бодоод үз л дээ. Ургамлын үрийг хорвоод анх удаа ургуулж чадсан эрт цагийн өвөг, дээдсийнхээ туршлага, мэдлэггүйгээр улаан буудай тарих гээд үз л дээ. Тэр цагт та нар оюун ухаан л энэ дэлхийн хамаг сайн сайхан юмны эх булаг, бүх эд баялгийн үндэс гэдгийг ойлгох болно.

Та нар бас мөнгийг дорд хүмүүсийн хүчээр л хүчтэнгүүд бүтээсэн гэж бодож байна уу? Тэгээд ямар хүийг хэлээд байгаа юм бэ? Эрхбиш, гарын хүч, зэр зэвсгийн хүчийг хэлээгүй юм байгаа биз дээ? Эд баялаг гэдэг бол хүний сэтгэх чадварын үр дүн юм. Нөгөө талаас нь аваад үзэх юм бол зохион бүтээж чадахгүй хүмүүст зориулж зохион бүтээж чаддаг хүний хийсэн хөдөлгүүр бол мөнгө юм. Өөрөөр хэлбэл, мөнгийг тэнэгүүдийн мөнгөөр ухаантнууд зохион бүтээжээ.  Чаддаггүйн мөнгөөр чаддагууд нь хийчихлээ гэсэн үг. Залхуучуудын хүчээр зорилгоо мэдэгчид нь хийчихжээ. Мөнгийг гуйж юм уу, булааж авахын өмнө бас шударга хүн түүнийг чинь ариун цагаан хөдөлмөрөөрөө хийчихсэн байх учиртай. Үйлдвэрлэж буйгаасаа илүүг хэрэглэх ёсгүй гэдгийг ухамсарласан хүнийг л би шударга хүн гэж нэрлэдэг.

Мөнгөний тусламжтайгаар бараа солилцоо хийнэ гэдэг бол ариун цагаан хүмүүсийн нэр төрийн хууль юм. Мөнгөний үндэс сууринд хүн бүр өөрийнхөө хөдөлмөр, бие махбод, оюун ухааны бүрэн эрхэт ноёнтон байна гэсэн онол шингэсэн байдаг. Чухамдаа бол мөнгө л хөдөлмөрийг үнэлэхээс татгалзах, эсвэл түүнд үнэ тогтоох эрхийг чинь хасаж чадахаас гадна, тантай хөдөлмөрийнхөө үр шимийг солилцохыг хүссэн хүмүүст чөлөөт сонголтыг олгож чадна. Чухамдаа бол мөнгө л таны хөдөлмөрийн хөлсний үр дүн болгож худалдан авч байгаа хүмүүст сохор улаан мөнгө ч илүү өгөхгүй байх эрхийг хангаж байгаа юм. Бие биеэсээ үл хамааран, хэн хэндээ ашигтай байхаас өөр ямар ч харилцаанд орохгүй байх бололцоог олгоно. Мөнгө бол таны л тусын тулд үйлчлэхээс бус зовсны чинь төлөө үйлчлэхгүй, хохирсны чинь төлөө биш олзны чинь төлөө үйлчилнэ гэсэн ойлголтыг танд өгч чадна. Хүмүүс бол зовлонгийнхоо ачааг дааж ядан яваа луус биш, та түүнд өмхийрсөн яр шархыг биш, сайн сайхныг хүсэж байх ёстой гэсэн ухаарлыг олгоно. Хүмүүс хоорондоо бараа л солилцох ёстой болохоос биш, зовлон гунигаа хуваалцах ёсгүй гэсэн ухаарлыг ч давхар авчирна. Мөнгө танаас хүмүүн төрөлтэйн хувьд чинь тэнэглэлээ биш сэтгэх авъяасаа худалдахыг шаардана. Танд санал болгосон хамгийн муу барааг худалдаж авахыг бус, харин байгаагийнхаа хэрээр худалдаж авахыг мөнгө л танд санал болгоно. Чухамхүү хүмүүс худалдааны харилцан ажиллагаанд сонголт хийн орж чадах, зангидсан нударга биш оюун ухаан л дээд шүүгч болж чадаж буй тэр газарт хамгийн сайн чанарын бараа, хөдөлмөрийн хамгийн зөв зохион байгуулалт хожих болно. Тийм газарт хамгийн сайн боловсрол хүмүүжилтэй, эргэцүүлэх чадвартай хүн ялж, хүмүүний бүтээлийн түвшин нь хүмүүний сэргэн мандалтын түвшин үрүү шилжин орно. Энэ нь мөнгө бол амьдралын билэг тэмдэг, амьдралын арга хэрэгсэл гэдгийг ойлгосон хүний ёс суртахууны хэм хэмжээ юм. Энэ л та бүхний хувьд бүх зовлонгийн үүдэл болоод байгаа хэрэг үү?

Мөнгө бол зөвхөн арга хэрэгсэл юм. Мөнгө таныг ямар ч зорилго уруу чинь хөтлөн авчирч чадах боловч жолоочийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Мөнгө бол таны хүсэл, эрмэлзлийг хангаж чадах боловч мөрөөдөл, зорилго хоёрыг чинь орлож чадахгүй. Мөнгө бол учир шалтгаан, үр дагаврын хуулийг буруугаар ашиглахыг хүссэн, сэтгэхүйгээ оюун ухааны амжилтын хулгай болгон ашиглахыг хүссэн хүн бүрт суран ташуур юм.

Яахыгаа мэдэхгүй байгаа хүнд мөнгө бол аз жаргалыг худалдаад аваад ирж чадахгүй. Мөнгө бол үнэ цэнийн тухай юу ч мэдэхгүй хүнд үнэлгээний тогтолцоог заагаад өгчихгүй, нүдээ боочихоод урдах замаа сонгохыг хүсэж яваа хүнд зорилгыг нь заагаад өгчихгүй. Мөнгө бол тэнэг хүнд ухаан, зальт хүнд алдар нэр, төрөлхийн гажигтанд хүндлэл авчраад өгчихгүй.

Хэрвээ та мөнгөний тусламжаар нэр хүнд олж авахын тулд өөрөөсөө дээш зиндааны, ухаалаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх юм бол эцсийн эцэст өөрөө доод зиндааны хүмүүсийн золиос болоод дуусна. Оюунлагууд нь тэр дорхноо танаас хөндийрөөд явчихна, харин учир шалтгаан, үр дагаврын бичигдээгүй хуулиар удирдуулсан хулгайч нар хийгээд ашиг хонжоо хайгчид нь таныг тойрон эргэлдсээр л байх болно. Хүн угаасаа мөнгөнөөсөө дор байж болохгүй, тэгэх юм бол хүмүүс чамайг няц дарчихна. Энэ л та нарын бодлоор хар санааны үндэс суурь болж таарах нь ээ?

Аливаа өв хөрөнгийг түүнийг бүтээж чадах хүн өвлөж авах эрхтэй байдаг. Өөрөө түүнийгээ 0-ээс эхэлсэн эсэхээс үл хамааран тийм хүн л эд баялгаар гачигдаж байдаг. Хэрвээ тийм хүн бусдаасаа хүчтэй байж чадах юм бол тэр мөнгө нь өв залгамжлагчид ашиг авчирч чадна. Хүчтэй байж чадахгүй мөнгө нь түүнийг үгүй хийчихнэ. Гэтэл та нар түүнийг "Мөнгө эвдчихлээ" гэлцдэг биз дээ? Мөнгө эвдэв үү, аль эсвэл өнөөх хүн чинь өөрөө мөнгөний занг эвдэв үү? Ямар ч чадваргүй өв залгамжлагчид атаархсаны хэрэггүй. Түүний баялаг нь түүнийх л болохоор тэртэй тэргүй та түүнээс ашиг олж авч чадахгүй шүү дээ. Түүний эд хөрөнгийг хүн болгонд адилхан хувааж өг хэмээн шаардах нь учир утгагүй хэрэг. Бодит нийгэмд бол нэг мөлжигчийн оронд тавин мөлжигч шинээр төрлөө гээд агуу их хүний бүтээсэн хөрөнгийг билэг тэмдэг маягаар ч амилуулчихаж чадахгүй. Мөнгө гэдэг бол амьд хүч бөгөөд үндэсгүйгээр амьсгалаа хураачихна. Мөнгө бол өөрт нь таараагүй оюун сэтгэхүйд зарагддаггүй юм. Тийм учраас л та нар мөнгийг үзэн ядаад байна уу? Мөнгө бол бас та нарын амьд гарах арга хэрэгсэл гэдгийг битгий мартаарай. Өөрсдийнхөө сайн сайхны эх булагт хүлээлгэх шийтгэл чинь амьдралдаа оногдуулж байгаа шийтгэл шүү. Тэрхүү эх булгаа бузарласнаараа өөрийнхөө амьд явах боломжоос урваж байгаа хэрэг. Та нар хуурамч замаар мөнгө авдаг уу? Аливаа хүний алдаа эндэгдэл, тэнэглэлийг ашигладаг уу? Мунхгуудыг хууран мэхлэх замаар өөрийнхөө чадвараас илүү гарсан хэмжээний мөнгийг салгаад авчихыг хүсдэг л биз дээ? Зөвхөн өөрийнхөө л мөрддөг зарчмыг урдаа бариад өөрийнхөө үзэн яддаг ажлыг үзэн яддаг хүмүүстээ хийж өгдөг биз дээ? Хэрвээ тийм бол тэр мөнгө чинь хэзээ ч та нарт агшин зуурын баяр баясгалан авчрахгүй. Тэр мөнгөөрөө худалдан авсан юм бүхэн чинь гутамшиг болон хувирна. Тийм болохоор л та нар мөнгө бол ой гутам зүйл, шалиг эд хэмээн хашгичаад унадаг. Та нарын хүндлэлийн эх булаг болж чадаагүй юм чинь ой гутам байлгүй яах юм бэ! Өөрсдийнхөө шалиг зангаар жаргал хийхийг зөвшөөрсөн юм чинь шалиг байлгүй ч яахав дээ. Тийм болохоор нь та нар мөнгийг үзэн ядаад байдаг бололтой.

Мөнгө бол шалтгаан биш, зөвхөн үр дагавар юм. Хэдийгээр мөнгө ёс суртахууны бүтээгдэхүүн мөн ч гэлээ, та нарыг ёс суртахуунтай болгож хүмүүжүүлэхгүй, та нарын алдааг засаж, нүглийг чинь ариусгахгүй. Та нараас даван гарчихсан зүйлийг хэзээ ч та нарт олж өгөхгүй. Эд баялгийн ч, сэтгэл санааны ч. Тийм болохоор нь л та нар мөнгийг үзэн ядаад байдаг бололтой.

Аягүй бол та нар мөнгийг өөрийг нь биш, мөнгөнд дурлах сэтгэлийг л зовлон бүхний үндэс, хар хорын ургамал гэж бодоод байдаг байх. Аливаа юманд дурлана гэдэг бол түүний мөн чанарыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд оршдог юм. Мөнгөнд дурлана гэдэг бол өөрийнхөө амжилтыг хэн нэгэн хүний шилдэг амжилтаар солих хамаг хүч, хүсэл, эрмэлзлийг чинь төрүүлээд байгааг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Мөнгийг үзэн ядаж буйгаа тэнгэрийн хар хүрээгээр зарлаад байдаг атлаа тавхан цөлхөөвийн төлөө сэтгэлээ ч худалдахад бэлэн байдаг хүн л мөнгийг үзэн яддаг юм. Харин мөнгөний төлөө хар хөлсөө цувуулахад бэлэн байдаг хүн мөнгийг хайрладаг. Мөнгийг яаж олж байгааг нь би та нарт хэлээд өгөх үү? Мөнгийг зүхэж байгаа хүн бол түүнийг шударга бусаар олж авсан хүн, харин мөгийг хүндлээд байгаа хүн нь шударгаар олсон хүн.

Мөнгө гэдэг бол хар хорын үндэс гэж хэлдэг хүнээс үтэр түргэн холдож бай. Тийм үг бол хамуутай хүний тэмдэг, дээрэмчин хүний зэр зэвсэгний харшилдаан. Газар дэлхий дээр хүмүүс амьдар ч эхэлсэн цагаасаа л хойш мөнгийг харилцааныхаа хэрэгсэл болгон ашигласаар ирсэн бөгөөд түүнийг орлож чадах юм бол бууны ам л байж таарна. Хэрвээ та нар түүнийг бүтээх, хадгалахыг шийдсэн бол мөнгө чинь та нараас асар их чадварыг шаардах болно. Эр зориггүй, бардам зангүй, биеэ хайхардаггүй, мөнгөтэй байх зан суртахууны эрхээ мэддэггүй, эд хөрөнгөтэй байгаагийнхаа төлөө бусдаас өршөөл гуйх гээд байдаг хүн бол хэзээ ч өөрийнхөө хөрөнгийг хамгаалж чадахгүй хүн. Тийм хүн бол хаа нэгтээ, сүүдэрт нуугдчихаад хүний үхдэлийн үнэрээр хормын зуур дайраад орох бүлэг дээрэмчдийн бэлэн хоол юм. Дээрэмчид бол хөрөнгөтэй байгаагийнхаа төлөө гэмшсэн сэтгэлийнх нь нүглээс байтугай, үргэлж л сэтгэл дундуур байдаг амьдралаас нь ч түргэн зуур салгаад өгчихнө.

Булчингийн хүчээр амьдарч, худалдаачдаар тэжээлгэж байгаа хоёрдмол ёс суртахуунтай хүмүүс тун удахгүй үржээд ирэхийг та нар харах болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг хүмүүс тэдний дээрэмдсэн мөнгийг үнэт зүйл болгоод өгнө гэдгийг дээрэмчид андахгүй. Ёс суртахуунтай нийгэмд бол тэд эрүүгийн хэрэгтнүүд бөгөөд тийм нийгмийн хууль нь биднийг дээрэмчдээс хамгаалахад чиглэгдсэн байдаг. Хэрвээ нийгэм  нь дээрэмчдийн үйл ажиллагааг зөвшөөрөөд байх юм бол ямар ч хамгаалалтгүй хүмүүсийг дээрэмдэх нь огтоос аюулгүй юм байна гэж бодсон эрүүгийн хэрэгтнүүд өөрсдөө ёс суртахуунтай хүмүүсийн үлгэр жишээ, эрхээ хамгаалуулсан гэмт хэрэгтнүүд болоод ирнэ. Мөнгө ч гэсэн өөрийг нь бүтээсэн хүний хувьд өшөө авагч болон хувирна. Энэ түвшний эрүүгийн хэрэгтнүүдийн олз омог дараачийн түвшний дээрэмчдийн ёс суртахуун болоод олзыг нь булаагаад авчихна. Ингээд уралдаан эхэлнэ дээ. Баялаг бүтээгчдийн уралдаан биш, харгис, ширүүнээрээ өрсөлдөгчдийн уралдаан. Нийгмийн харилцааны хэм хэмжээ нь хар хүч болоод ирэхээр алуурчид нь халаас суйлаачдаа амархаан гээчээр даван гараад нийгэм маань өөрөө бүх нийтийн аллагад автана. Тэр өдөр хэр ойрхон байгааг мэдмээр байна уу? Мөнгийг л ажиглаад бай. Мөнгө гэдэг бол нийгмийн байдлын хэмжүүр юм. Нийгмийн харилцаа сайн дурын зөвшилцлийн үндсэн дээр биш, хэн нэгний дарамтан дор үүсэхээс аргагүйд хүрэх юм бол, хэрвээ ямар нэгэн юм үйлдвэрлэн бүтээхийн тулд урьд өмнө нь хэзээ ч тиймэрхүү юм үйлдвэрлэж үзээгүй хүмүүсээс зөвшөөрөл авахад хүрэх юм бол, мөнгөний их урсгал бүтээж буй хүмүүс үрүү биш, харин холбоо сүлбээтэй хүмүүс үрүү хөврөөд эхлэх юм бол, нийгмийн баялгийг бүтээж байгаа хүмүүс нь ядуураад, авлига нэхэгчид хийгээд хулгайч нар баяжаад, хууль дүрэм нь үйлдвэрлэн бүтээгчдийг тэднээс хамгаалах биш, тэднийг үйлдвэрлэн бүтээгчдээс хамгаалаад байх юм бол, хээл хахуулийн наймаа цэцэглээд, шударга, зарчимч зан амиа егүүтгэхтэй агаар нэгэн болоод ирэх юм бол уг нийгэм гүн хавцлын ирмэг дээр ирчихээд байна гэдгийг ойлгож аваарай. Мөнгө гэдэг бол харгис хэрцгий явдал, буруу зөрүү бүхэнтэй гэрээ хэлцэл хийхийн тулд байгаа автомат бууг бодвол даанч зөөлхөн зэвсэг юм шүү. Чумахүү мөнгө л ариун цагаан замаар бий болсон өмч хийгээд дээрэм тонуулын замаар олсон эд баялаг хоёр зэрэгцэн орших улс орон байх замыг хааж чаддаг юм.

Ole Hunter

2 comments:

  1. Сайхан нийтлэл болжээ. Мөнгөний талаар бодолтой тань санал нийлж байна, мөн багагүй ухаарлыг нэмж олж авлаа :)

    ReplyDelete
  2. Нууц биш бол, сарын орлого чинь хэд вэ?

    ReplyDelete

Instagram